
Зургийг: Bing Guan/Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайнтай холбоотой тээвэрлэлтийн саатал улам даамжирч, БНХАУ түлшний экспортын хязгаарлалтаа чангатгасны дараа брент төрлийн газрын тосны үнэ 10 хүртэлх хувиар чангарч, баррель нь дахин 100 ам.долларын босго давлаа.
Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 96 ам.доллар дөхөөд байна. Тодруулбал: дайнтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Оман улсын гол экспортын терминал усан онгоцнуудыг боомтыг орхихыг үүрэгдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Иракийн далайн эргийн ойролцоо хоёр тээвэрлэгч хөлөг онгоц цохилтод өртсөнтэй холбогдуулан Оман улс газрын тосны терминалуудынхаа үйл ажиллагааг түр зогсоожээ.
Үүнээс өмнө эрчим хүчний үнийг хазаарлах дэлхийн улс орнуудын нэгдсэн хүчин чармайлтын хүрээнд Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын нөөцөөс 172 сая баррель газрын тосыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм. Энэ нь Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн гишүүн орнуудын дэлхийн хэмжээнд нийт 400 сая баррель нефтийг нөөцөөс гаргах төлөвлөгөөний нэг хэсэг аж.
Одоогоор АНУ-ын стратегийн нөөцөд 415 сая баррель газрын тос байгаа нь нийт багтаамжийнх нь 60 орчим хувьтай тэнцэж буй. Тус улс 2022 онд ОХУ Украинд халдсаны дараа шатахууны үнийг бууруулах зорилгоор 180 сая баррелийг нөөцөөс гаргаж байжээ.
Үүнээс гадна Канадын Засгийн газар дээрх төлөвлөгөөг дэмжиж, нөөцөөсөө тодорхой хэмжээгээр гаргахыг газрын тосны компаниудаасаа хүссэн байна. Канад нь газрын тос экспортлогч улс учраас шатахууны стратегийн нөөцгүй ч ОХУ 2022 онд Украинд халдсанаас хойш компаниуд нь тодорхой хэмжээний нөөц хуримтлуулж эхэлсэн юм.