Зургийг: Stefan Wermuth/Bloomberg
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Ахлах эдийн засагчдын 2024 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг танилцууллаа. Эдийн засагчдын шинэ тооцооллоор 2024 онд дэлхийн эдийн засгийн эргэн тойронд болгоомжилсон өөдрөг байдал давамгайлж байгаа нь тодорхой болж байна.
Ахлах эдийн засагчдын 82 хувь нь энэ онд дэлхийн эдийн засаг тогтворжиж, өсөлтөө хадгална гэсэн хүлээлттэй байгаа юм. Энэ нь 2023 оны эцсээр гарсан өмнөх тайлангаас хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Мөн нэгдүгээр сард эдийн засаг уналттай байна гэж таамаглаж байсан эдийн засагчдын эзлэх хувь 56-аас 17 хувь хүртэл болж буурчээ.
Эдийн засагчдын 60 гаруй хувь нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд технологийн хувьсал, хиймэл оюун, ногоон шилжилт гол нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Мөн судалгаанд хамрагдсан нийт эдийн засагчдын бараг 70 хувь нь дэлхийн эдийн засагт өсөлт давамгайлж, ирэх таван жилд өсөлт нь эргээд дөрвөн хувьд хүрнэ гэж төсөөлсөн байна.
Бүс нутгийн хувьд харвал АНУ, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн эдийн засаг дунд болон дундаас дээш эдийн засгийн өсөлттэй байна гэж таамаглажээ. Харин Европын эдийн засаг бүрхэг байна гэж нийт эдийн засагчдын 70 хувь нь үзсэн байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн хүлээлт харьцангуй тааруу буюу эдийн засагчдын дөрвөн хувь нь л "өндөр өсөлттэй байна" гэж үзэж байгаа аж.
Дэлхийн эдийн засаг энэ онд тогтвортой өсөлттэй байна гэж төсөөлж буй ч геополитикийн нөхцөл байдал болон улс орнуудын дотоодын улс төрийн байдал зэрэг нь эдийн засагт савлагаа үүсгэж болзошгүй гэж үзэж байна. Тухайлбал: судалгаанд хамрагдсан Ахлах эдийн засагчдын 97 хувь нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдалд геополитикийн хурцадмал байдал нөлөөлнө гэж үзжээ. Түүнчлэн 2024 онд дэлхий нийтийн тал гаруй хувь нь сонгуульд санал өгөх учраас улс орнуудын дотоодын улс төрийн нөхцөл байдал дэлхийн эдийн засагт савлагаа үүсгэж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байна.