Зургийг: parliament.mn
УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсөлд 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 6.5 хувь, Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн дээд хязгаарт байхаар төлөвлөсөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 32.3 хувьтай, зарлага 35.1 хувьтай байхаар боловсруулжээ. Мөн Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр 39.27 их наяд төгрөг, 2025-2026 онд 43.7-47.6 их наяд төгрөг байхаар тооцож тусгасан байна.
Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа нь 2022 онд 52.4 хувь, 2023 онд 51.2 хувьтай байгаа юм. Валютын ханш болон бусад эрсдэлт нөхцөл байдлыг тооцоолсны үндсэнд Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн ч заавал тулгах шаардлагагүй гэж ажлын хэсэг тодотголоо.