
Украины дайн удаан хугацаанд үргэлжлэх эрсдэл нэмэгдэж байгаатай зэрэгцэн ирэх онд дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралын дараах 2009 онтой адил тааруу байна гэж “Institute of International Finance” мэдэгдлээ.
2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 1.2 хувь болж саарна гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд энэ нь суурь нөлөөтэй уялдуулан тооцоолбол 2009 оныхтой адил түвшний өсөлт болох юм.
Дэлхийн эдийн засаг хэр хэмжээний цохилтод орох нь Украины дайн хэрхэн өрнөхөөс хамаарахыг шинжээчид онцолж байна. Дайн Владимир Путины хувьд чухал ач холбогдолтой гэдэг утгаараа 2024 он хүртэл сунжирна гэж тооцоолжээ.
Европ дайнд хамгийн хүндээр өртөж байгаа учир эдийн засгийн удаашралаар тэргүүлэхээр байна. Тухайлбал: ирэх онд Евро бүсийн эдийн засаг хоёр хувиар агшина гэж “Institute of International Finance” тооцоолжээ. Харин АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өснө гэсэн байна.
Харин БНХАУ-ын хувьд цар тахлын хязгаарлалтаа сулруулснаар 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд гол түлхэц болохоор байгаа аж.