
Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс пүрэв гарагт албан тушаалаа өгч буйгаа зарлалаа. Тэрбээр томилогдсоноосоо хойш ердөө 44 хоногийн дараа ажлаа өгөх болсноор улсынхаа түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Ерөнхий сайд болж байна.
Эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд түүний санаачилсан татварын хөнгөлөлтийн хөтөлбөр зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, зээлийн өртөг болон моргейжийн зээлийн хүүг огцом өсгөснөөр түүний болон Консерватив намын рейтинг түүхэн доод түвшинд унаад байв.
Тус улсын Эрх баригч Консерватив нам дараагийн Ерөнхий сайдыг аравдугаар сарын 28-нд сонгох бөгөөд ирэх даваа гарагт Лиз Трассын залгамжлагчийн нэрийг тодруулах төлөвтэй байна.
Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон, Сангийн сайд асан Риши Сунак, Дотоод хэргийн сайд асан Суэлла Браверман, Консерватив намын гишүүн Пенни Мордаунт зэрэг улс төрчид Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөж магадгүй байгаа аж. Тэдний дундаас Лиз Трассын Засгийн газрын төсвийн арга хэмжээ Их Британийн эдийн засгийг хавцлын ирмэг рүү түлхэх эрсдэлтэйг анхааруулж байсан Риши Сунак хамгийн хүчтэй өрсөлдөгч болох төлөвтэй байна. Банк, санхүүгийн системийн туршлагатай Риши Сунак шиг улс төрч сонгогдвол богино хугацаанд фунт стерлингийн ханш чангарна гэж “Jefferies”-ийн шинжээчид үзэж байна.
Ийнхүү Лиз Трасс албан тушаалаа өгөхөөр болсон нь сүүлийн 12 гаруй жил эрх барьсан Консерватив намын нэр хүндэд хүндхэн цохилт боллоо. Сүүлийн үеийн санал асуулгаар сөрөг хүчин Хөдөлмөрийн намын рейтинг Консерватив намыг 30 гаруй оноогоор ардаа орхиод байна.
Лиз Трассын Засгийн газар сүүлийн 50 гаруй жил дэх хамгийн том татварын хөнгөлөлтийн хөтөлбөрийг зарласны дараа Их Британийн бондын өгөөж огцом хөдөлж, фунт стерлингийн ханш бүх цаг үеийн доод цэгт хүрээд буй. Харин түүнийг пүрэв гарагт албан тушаалаа өгөхөө зарласны дараа фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг нэг хувиар чангарч, сүүлийн байдлаар спот ханш нь 1.1 орчим байна.
Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс