
Зургийг: VCG/Getty Images
Дулааны улирал эхэлсэн ч БНХАУ даяар ханиад, томууны тархалт эрчимжиж байгаа бөгөөд эмнэлэгт шинжилгээ өгөхөөр ирсэн хоёр хүн тутмын нэгээс нь томууны халдвар илэрч байгааг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ. Тодруулбал: гуравдугаар сарын 12-ноор эцэслэгдсэн долоо хоногт шинээр бүртгэгдэх томууны халдварын тохиолдлын тоо өмнөх 7 хоногоос 53 хувиар, сарын өмнөхөөс 13 дахин өсжээ. Харин COVID-19-ийн халдварын тохиолдол 2.7 хувиар өссөн байна.
Гуравдугаар сарын 16-ны байдлаар гурван долоо хоногийн турш COVID-19-ийн шалтгаант нас баралт шинээр бүртгэгдээгүйг албаныхан онцолжээ.
Хэдийгээр шинээр бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол буурч буй ч BQ.1, XBB зэрэг дэд хувилбарууд БНХАУ- д тархаж эхэлснийг сүүлийн долоо хоногуудын дата мэдээлэл харуулж байна.
БНХАУ өнгөрсөн оны 12 дугаар сард цар тахлын хязгаарлалтаа цуцалснаар “Omicron”-ийн BA.5 болон BF. 7 дэд хувилбар эрчимтэй тархаж, хүн амынх нь 80 хувь буюу 1.4 тэрбум хүн вирусийн халдвар авчээ.
Томуу өвчний тархалт эрчимжсэнээр БНХАУ-д вирусийн эсрэг “Oseltamivir” эмийн хомсдол үүсээд байгаа аж. Тухайлбал: гуравдугаар сард энэхүү эмийн цахим борлуулалт өмнөх оны мөн үеэс 100 дахин өсжээ.