
Зургийг: Nathan Laine/Bloomberg
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны рейтинг 2019 оны эхэн үед “Шар хантаазтнуудын” хөдөлгөөн газар авч байх үеэс хойших доод түвшинд хүрлээ.
“IFOP”-ийн судалгаанд оролцогчдын 28 хувь нь Эммануэль Макроны хэрэгжүүлж буй бодлогод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад дөрвөн нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Франц улсын Засгийн газар тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг нэмэгдүүлэх санал гаргасан нь ийнхүү Эммануэль Макроны рейтинг унахад нөлөөлж байна.
Даваа гарагт тус улсын Парламент Францын Ерөнхий сайд Элизабет Борнд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулна. Тэрбээр дэмжлэг авч чадахгүй бол албан тушаалаа өгч, хуулийн төсөл буцаагдах юм.
Францын Үйлдвэрчний эвлэлүүд хуулийн төслийг буцаах хүртэл жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Тухайлбал: пүрэв гарагт улс даяар жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын хотуудад цөөн хүнтэй жагсаал болсон аж.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны рейтинг найман нэгж хувиар унаад байгаа юм.