
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-д өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн өвчлөлөөр нас барсан 1000 хүрэхгүй тохиолдол бүртгэгдлээ. Хоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд "коронавирус"-ийн халдварын улмаас эмнэлэгт нас барсан 912 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 72 хувиар буурсан үзүүлэлт болж байгааг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Албан ёсны статистик мэдээллээр Covid-19-ийн шалтгаант нас баралт хязгаарлалтыг цуцалсны дараах оргил үеэс хойш тогтвортой буурсаар байна.
Нэгдүгээр сарын дөрвөнд нэг өдөрт бүртгэгдэх Covid-19-ийн шалтгаант нас баралт 4200 давж байсан аж. БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн статистик мэдээлэлд үндэслэн тооцоолбол 12 дугаар сарын наймнаас хойш “коронавирус”-ийн халдвараар 83 мянган хүн амиа алдаад байгаа юм.
БНХАУ-д ирэх саруудад “коронавирус”-ийн шинэ давлагаа эхлэх магадлал бага гэж тус төвийн халдварт өвчин ахлах судлаач мэдээлж байна.