logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Инфляц 14.4 хувь болоход хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ буурсан нь голлон нөлөөлжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 15 15:52
    584
    VIII сард хүнсний бүлгийн үнэ 5.5 хувиар, тээврийн бүлгийн үнэ 0.5 хувиар буурчээ

    Наймдугаар сард хэрэглээний үнэ өмнөх сараас 0.9 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 14.4 хувь болж, өмнөх сараас 0.9 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 5.5 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

    Хэдий тийм боловч жилийн дүнгээр инфляц өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Энэ оны наймдугаар сард инфляц 14.4 хувь байгаа бол 2021 оны мөн үед инфляц 9.5 хувь байсан юм. Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар нэмэгдсэн.

    Уул уурхайн бус салбарууд, хувийн хэрэглээ цар тахлын өмнөх түвшнийг давснаар эрэлтийн шинжтэй инфляцын дарамт нэмэгдэж байна гэж Монголбанк тайландаа дурдаж байв.

    Монголбанкны Мөнгөний бодлогын хурал есдүгээр сарын 23-нд болно. Цаашид мөнгөний бодлого хэр хатуурах нь энэ оны болон ирэх оны төсвийн зардал, валютын урсгалаас шууд хамаарна гэж үзэж байна. Түүнчлэн инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах шаардлагатай байгаа нь мөнгөний бодлого хатуурах зайлшгүй нөхцөл болохыг онцолсон.

    Монголбанк мөнгөний бодлогын сүүлийн хурлаараа бодлогын хүүг есөн хувиас нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувь болгосон бөгөөд энэхүү шийдвэрийн үр нөлөө зах зээлд 2-3 улирлын дараа гарна гэж үзэж байна.

    Үүнээс гадна наймдугаар сард тээврийн бүлгийн үнэ 10.4 хувиар өссөн бол инфляцын нийт дүнгийн 51.4 хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлжээ.

    Ерөнхийдөө гадаад орчинд бий болсон өөрчлөлт, тээвэр, логистикийн асуудлууд Монгол Улсын инфляцын суурь шалтгаан болж байна гэж төв банк үзэж байгаа аж. Тухайлбал: Эрээн дэх цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор төмөр зам, чингэлэг солилцоо удааширч хоосон чингэлгийн бөөгнөрөл үүссэнийг “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдээлсэн.

    БНХАУ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлого ирэх сард болох Коммунист намын их хурлын дараа ч үргэлжилнэ гэж “Goldman Sachs” үзэж байна. Өөрөөр хэлбэл 2023 оны эхний хагаст болох БНХАУ-ын ардын төлөөлөгчдийн их хурлын жил тутмын чуулганаас өмнө зогсоохооргүй байгаа нь нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих