
Зургийг: Anton Novoderezhkin/Kremlin/Zuma Press
БНХАУ-ын Засгийн газар компаниудыг ОХУ-д үхэл хүргэхгүй, хос үйлдэлтэй техникийн дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрсөн байж магадгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдлээ.
Украины дайн эхэлснээс хойших нэг жилийн босгон дээр ОХУ, БНХАУ улам гүнзгийрч буй найрамдалт харилцаагаа тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд асан Ван Иг Москвад хүлээн авч уулзахдаа Ерөнхийлөгч Ши Жиньпинийг тус улсад айлчлал хийхийг хүлээж буйгаа уламжилсан бол Бээжингийн тэргүүлэх дипломатчийн зүгээс хоёр талын харилцааг "хад чулуу мэт бат бөх" хэмээн тодорхойлсон байна. Энэхүү найрсаг үгс нь БНХАУ олон улсын сорилтуудыг үл харгалзан үнэнч дипломат түншээ орхих бодолгүй байгааг илтгэж байна.
Мөн хоёр улсын худалдааг 2024 он гэхэд 200 тэрбум ам.доллар хүргэх зорилтод хугацаанаасаа өмнө хүрч магадгүй байгааг Владимир Путин Ван Иг хүлээн авч уулзах үедээ онцолсон байна. Үүний хариуд Ван И Москва болон Бээжингийн стратегийн харилцаа гуравдагч этгээдийн шахалтад автахгүй болохыг тодотгожээ. Украины дайн эхэлснээс хойш Ши Жиньпин Владимир Зеленскийтэй ярилцаагүй бол энэ хугацаанд Владимир Путинтэй дөрвөн удаа ярилцжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-БНХАУ-ын харилцаа өмнөх жилүүдэд төлөвлөж байсны дагуу гүнзгийрч байгааг дурдмаар байна. Бүх талаар ахиц гарч, сайжирч байна. Шинэ түвшинд хүрсэн. Олон улсын харилцааны байдал өнөөдөр хүндхэн байна. Хоёр туйлт систем нуран унасан ч сайжирсангүй. Эсрэгээрээ улам хурцадмал болсон. Тийм ч учраас олон улсын талбарт ОХУ болон БНХАУ-ын хамтын ажиллагаа өмнө нь нэг бус удаа тодотгож байсанчлан олон улсын нөхцөл байдлыг тогтворжуулахад маш чухал үүрэгтэй юм. Мэдээж бид БНХАУ-ын Төрийн тэргүүнийг ОХУ-д айлчлахыг хүлээж байгаа” гэж мэдэгдлээ.
Үүнээс гадна Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьснаа өөрийн "Twitter" хуудсаараа мэдээлжээ. Төрийн тэргүүнүүдийн ярилцлагын үеэр Владимир Зеленский Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна. Мөн хоёр тал хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ.