
Зургийг: Luke Duggleby/Bloomberg
Тайландын сөрөг хүчний хоёр том нам эвслийн Засгийн газар байгуулахаар тохиролцлоо. Ингэснээр хоёр нам Парламентын доод танхимд олонхын суудал эзэлж байна.
Ням гарагт болсон сонгуульд либерал үзэлтэй “Урагшаа хөдөлгөөн” нам ялалт байгуулсны дараа тус намын тэргүүн Пита Лимжароэнрат дараагийн Засгийн газрыг байгуулахаар улс төрийн таван намыг урьж буйгаа мэдэгджээ. Түүний тэргүүлдэг “Урагшаа хөдөлгөөн” нам суудлын тоогоор тэргүүлж байгаа учир ардчилсан үзэлтэй “Тайландын төлөө” намаас дэмжлэг авсан байна.
“Урагшаа хөдөлгөөн” намын тэргүүн, Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн, өдгөө 42 настай Пита Лимжароэнрат Тайландын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо бэлэн байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Дээрх хоёр намын ялалт цэргийнхний дэмжлэгтэй 2014 оноос хойш Төрийн эрх барьж буй Тайланд улсын Ерөнхий сайд Прают Чан-Очагийн Засгийн газарт хүндхэн сорилт болж байна. Хэдий тийм боловч сонгуулийн үр дүн хоёр сөрөг хүчний нам Төрийн эрхийг гартаа авна гэсэн баталгаа болохгүй. Учир нь Тайландын Үндсэн хуулийн дагуу цэргийн дэмжлэгтэй 250 гишүүн бүхий Сенатын танхим дараагийн Ерөнхий сайдыг сонгоход нөлөөлөх боломжтой байдаг аж.
Ням гарагт болсон сонгуулийн ирц 75 хувьд хүрсэн Тайланд улсын хувьд шинэ дээд үзүүлэлт болсон байна. Сонгуулийн ирц болон үр дүн Тайландын иргэд шинэчлэлт, реформ хүсэж буйг харуулж байна гэж Чулалонгкорн их сургуулийн профессор онцолжээ.