
Есдүгээр сарын байдлаар төгрөгийн хадгаламж 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ.
Монголбанкны статистик мэдээллээр есдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн 26.9 хувь нь гадаад валютын хадгаламж байна.
Үүнтэй харьцуулахад 2019 оны мөн үед буюу цар тахлын өмнө нийт хадгаламжийн 23.9 хувь нь гадаад валютын хадгаламж байсан юм.
Монголд ямар ч хадгаламжийн бүтээгдэхүүн 12 хувиас дээшээ гардаггүй. Хүмүүс банканд мөнгөө хадгалуулахад инфляцын улмаас бодитоор 4.2 хувиар алдагдал хүлээж байгаа аж. Тиймээс төгрөгийн хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд инфляцыг бууруулж, хүмүүсийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж “NRCC”-ийн Эдийн засагч, доктор Б.Эрдэнэбат онцолж байсан юм.
Харин “Голомт” банкны Гүйцэтгэх захирал Б.Бадрал “Арилжааны банкнууд төлбөрийн чадвар талдаа илүү анхаарч, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хадгаламжийн хүүг өсгөж байгаа”-г онцолжээ.