
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Тайвань цар тахлын дараа аялал, жуулчлалыг сэргээхээр энэ онд 500 мянга гаруй жуулчдад мөнгөн олговор болон хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Тухайлбал: жуулчин тус бүрд 165 ам.доллар буюу нийт 82.4 сая ам.долларын урамшууллын багц төлөвлөжээ. Урамшууллыг хуваарилах хүрээнд азын сугалаа явуулах эсвэл нислэгийн тийзийн дугаараар нь түүврийн аргаар сонгох зэрэг аргыг судалж байгаа аж.
Мөнгөн олговрыг цахимаар шилжүүлэх эсвэл зочид буудал, тээврийн үйлчилгээ, худалдан авалтад нь хөнгөлөлт үзүүлэх замаар олгоно гэж албаныхан мэдээллээ.
Тайвань аравдугаар сард хилээ нээснээс хойш өнгөрсөн онд 900 мянган жуулчин хүлээн авсан байна.
Мөн аялал, жуулчлалыг дэмжих багц арга хэмжээний хүрээнд Тайвань наймаас дээш жуулчинтай групп аялагчид авчирсан тур операторуудад 329 ам.долларын, 15-аас дээш жуулчинтай групп аялагчид авчирсан тохиолдолд 660 ам.долларын хөнгөлөлт үзүүлэх төлөвлөгөө гаргасан байна. 2023 онд экспорт буурч, Тайванийн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгаагаас дотоодын худалдан авалт, аялал, жуулчлалыг эрчимжүүлэх шаардлага үүссэн юм.
Цар тахлаас өмнө аялал, жуулчлал Тайванийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувийг бүрдүүлдэг байсан аж. Геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан 2019 онд БНХАУ бие даасан аялагчдыг Тайвань руу аялахыг хориглосон юм. Мөн өнгөрсөн сард БНХАУ-ын групп аялагчдыг аялах зөвшөөрсөн 20 маршрутын жагсаалтад багтаагаагүй байна.