
Ирэх хэдхэн сарын дотор дэлхийн бараг бүх бүс нутагт дизель түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг "Baker Institute" мэдээлллээ.
Дэлхийн эрчим хүчний бараг бүх зах зээлд нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь инфляцыг өдөөж, эдийн засгийн өсөлтийг хойш татах хүчин зүйл болж байна.
2020 он гарснаас хойш АНУ-д өдөрт боловсруулах хүчин чадал 1 сая баррелиар буурсан. Түүнчлэн Европт тээврийн тасалдал, ажил хаялтаас шалтгаалан үйлдвэрлэл буураад буй.
XI сарын эхэн үеийн байдлаар Нью-Йоркт дизель түлшний үнэ өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн бол он гарснаас хойш 50 гаруй хувиар өсжээ. Дэлхий даяар боловсруулах хүчин чадалтай холбоотой асуудал гол бэрхшээл болж байна.
Дизель түлшний үнэ огцом өссөнөөр АНУ-д л гэхэд эдийн засагт 100 тэрбум ам.долларын цохилт болно гэж "Baker Institute"-ийн шинжээч тооцоолсон бөгөөд тус улсад дизелийн нөөц хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа аж.
Харин Монгол Улсын хувьд дизель түлшний нийлүүлэлт буурснаар станцуудад нүүрс нийлүүлдэг гурван уурхай ердөө 3-11 хоногийн нөөцтэй байгааг Эрчим хүчний сайд мягмар гарагт мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Шарын гол, Шивээ-Овоо, Багануурын уурхайд шаардлагатай дизель түлшийг ОХУ-аас импортлох нефтийн эхний хэсэг иртэл тасалдуулалгүйгээр улсын нөөцөөс гаргахаар шийдвэрлээд байгаа юм.
Мөн Пакистанд дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээгээр импортолж чадахгүйд хүрчээ.