
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын хамгийн том оффшор газрын тос, байгалийн хий олборлогч “Cnooc” компанийн 2022 оны бүтэн жилийн ашиг дээд түвшинд хүрлээ.
Төрийн өмчит газрын тосны компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд хоёр дахин өсөж, 141.7 тэрбум юань хүрсэн байна. Ашиг нь өсөхөд тус компанийн нийлүүлэх газрын тосны үнэ 2022 онд өмнөх оноос дунджаар 42 хувиар өссөнтэй холбоотой аж.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын түлшний импортын хамаарлаа бууруулах зорилт тавьсны дагуу “Cnooc” дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн нь үүнд нөлөөлжээ.
Өнгөрсөн онд газрын тос болон байгалийн хийн үйлдвэрлэлийн гарц нь 8.9 хувиар буюу дээд хэмжээгээр өссөнийг тус компани тайландаа дурдсан байна.
"Дэлхийн эрчим хүчний эрэлт цаашид өсөх төлөвтэй байна. Мөн БНХАУ-ын таваарын эрэлт өсөхөөр байгаа нь тус компанийн ирээдүйн өсөлтөд чухал нөлөөтэй" гэж “Cnooc” мэдэгдэлдээ дурджээ.
Мөн энэ онд есөн шинэ төсөл хэрэгжүүлэхээ мэдээллээ. 2023 онд тус компани хөрөнгийн зарцуулалтаа 100-110 тэрбум юань хүргэхээр тооцоолсон байна. Ингэснээр газрын тосны гарц нь 660 сая баррель хүрч өсөх боломжтой аж.