
Аравдугаар сард АНУ-д хэрэглээний үнийн өсөлт саарч, шинжээчдийн хүлээлтээс буурлаа. Хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өссөн нь он гарснаас хойших жилийн дүнгээр хамгийн бага хэмжээнд өссөн үзүүлэлт болж байна. Мөн сүүлийн 40 жилийн дээд цэгт хүрээд байсан суурь инфляц 6.7 хувь болж саарчээ.
Аравдугаар сард тус улсын инфляцад түрээсийн өртөг хамгийн гол жин дарсан аж. Түрээсийн үнэ өнгөрсөн сард 0.8 хувиар өссөн нь 1990 оноос хойших дээд үзүүлэлт болжээ.
Инфляц саарч буй нь сайн мэдээ ч Холбооны Нөөцийн банкны зорилтот түвшнээс хэт өндөр хэвээр байна. 12 дугаар сарын Мөнгөний бодлогын хурлаар Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөнө гэж шинжээчид үзэж байгаа аж. Энэ нь 0.75 нэгж хувиар өсгөнө гэсэн өмнөх төсөөллөөс доогуур дүн юм. Дийлэнх шинжээчид АНУ-ын инфляц ирэх оноос тогтворжино гэж үзэж байна.
Инфляцын үзүүлэлтийг танилцуулсны дараа ам.долларын ханшийн уналт эрчимжиж байна. Сүүлийн байдлаар “Bloomberg Dollar Spot Index” хоёр хувиар унасан нь 2009 оноос хойших нэг өдөрт хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болж байна.
Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх эрчээ сулруулах дохиог зах зээлд өгсөнтэй зэрэгцээд ам.долларын ханшийн өсөлт тогтворжих хандлагатай болсон юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын валютад, ялангуяа багцын жин багатай валютад хөрөнгө оруулах төлөвтэй байгааг “Citigroup”-ийн шинжээчид мэдээлж байв.
Үүнээс гадна иений ханш ам.долларын эсрэг сүүлийн байдлаар ойролцоогоор дөрвөн хувиар чангараад байна.
"Одоогийн нөхцөл байдалд иений ханш болон Өмнөд Африкийн рандийн ханшид илүүтэй өсөлт ажиглагдана" гэж “HSBC”-ийн шинжээчид онцлов.