
Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанийн борлуулалт дээд түвшинд хүрснээр 2022 онд цэвэр ашиг нь тав дахин өсжээ. Тус компани зах зээлд эзлэх хувиа тэлэхээр “Tesla”-тай өрсөлдөөнөө нэмэгдүүлсэн нь үүнд нөлөөлж байгаа аж.
Тайлант хугацаанд “BYD”-ийн цэвэр ашиг 446 хувиар өсөж, 16.6 тэрбум юань хүрсэн байна. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн таамагласан 16 тэрбум юанийн ашгаас дээгүүр дүн боллоо.
2022 онд “BYD” компани дэлхий даяар 1.86 сая нэгж цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашин борлуулсан нь сүүлийн дөрвөн жилийн нийлбэр дүнг давсан үзүүлэлт болж байна.
2022 онд “BYD” БНХАУ дахь нийт шинэ эрчим хүчний автомашины борлуулалтын 30 хувийг дангаараа эзэлсэн байна. “BYD” дан шатах түлшээр ажиллах уламжлалт хөдөлгүүрт автомашиныхаа борлуулалтыг өнгөрсөн онд бүрэн зогсоосон юм.
БНХАУ-ын шинэ эрчим хүчний автомашины зах зээл бүрэн тэлэлтийн үедээ шилжсэнийг “BYD”-ийн Гүйцэтгэх захирал бүтэн жилийн тайлангаа танилцуулах үедээ мэдэгдсэн байна. Мөн хагас дамжуулагчийн хомсдол үүссэн, эрэлт саарч, борлуулалт буурсан зэрэг олон сорилттой нүүр тулсан ч 2022 онд амжилттай ажилласныг тэрбээр онцолжээ.