
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 5000 кВт хүртэл хэрэглээтэй аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг 14 хувиар, түүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар нэмэгдүүлнэ гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ.
"Эрчим хүчний салбар 1.6 их наяд төгрөгийн өртэй байгаа бөгөөд хүүнд нь жилд 70 тэрбум төгрөг төлж байгаа. Борлуулсан бараа, бүтээгдэхүүний өртөг 1.9 их наяд төгрөг, борлуулж байгаа үнэ нь 1.6 их наяд төгрөг байна. Үнэ чөлөөлж чадаагүйгээс эрчим хүчний салбарт гадаадаас хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал байгаа" гэж Эрчим хүчний сайд тодотголоо. Тодруулбал: борлуулж байгаа үнэ өртгөөсөө 28 хувиар доогуур байгаа ажээ.
Харин "Уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд зэрэг санхүүгийн ачаалал дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, түүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцно" гэдгийг Эрчим хүчний сайд дурдав.
Эхний ээлжид ирэх 11 дүгээр сарын нэгний өдрөөс аж ахуйн нэгжийн төлбөрийг нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү тооцооллыг хийгээд төлбөрийг нэмэгдүүлсэн тохиолдолд эрчим хүчний салбар жилийн хугацаанд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой аж.