
БНХАУ-ын цахилгаан автомашины зах зээлд үнийн өрсөлдөөн эрчимжсэнээр “Xpeng” компани загваруудынхаа үнийг 12.5 хувь хүртэл буурууллаа. Энэ оны эхээр “Tesla” БНХАУ-д үнээ дахин бууруулах гэнэтийн шийдвэр гаргаж байсан юм.
“Xpeng” компани “G3I” загварынхаа үнийг 168 мянган юаниас 148.9 мянган юань болгон бууруулсан байна. Мөн “P7” загварын үнээ 249 мянган юань болгож бууруулжээ.
Дэлхийн цахилгаан автомашины хамгийн том зах зээлд тооцогддог БНХАУ-д дотоод, гадаадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэж байна. Үүнээс өмнө “Mercedes-Benz” компани хоёр загварын цахилгаан автомашиныхаа үнийг 33 мянга хүртэл ам.доллароор бууруулсан аж.
Харин “Tesla” компанийн хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Model Y”, “Model 3” загваруудынхаа үнийг өнгөрсөн оны аравдугаар сард бууруулсан юм. Мөн хамгийн сүүлд буюу энэ сарын зургааны өдөр дахин автомашинуудынхаа үнийг бууруулах гэнэтийн шийдвэр гаргажээ. Үүний дараа “Xpeng”-ийн хувьцааны ханш огцом унасан нь шинжээчдийн анхаарлыг татаж байв.