logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Д.Сумъяабазар: Түгжрэлийг шийдвэрлэхэд Үндсэн хуулийн 57-р зүйлд өөрчлөлт оруулах хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 18 16:50
    116
    Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

    Хотын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалт жилд 40 тэрбум орчим төгрөгөөр хязгаарлагдаж байсныг Засгийн газраас 10 дахин нэмж, жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлээд байгаа ч улсын болон нийслэлийн төсвөөр түгжрэлийн асуудлыг шийдэхэд хангалтгүй гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдэгдлээ. 

    Мөн тэрбээр “Төсвийн эх үүсвэр хотын түгжрэлийг шийдвэрлэхэд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхэд хангалтгүй. Томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр гадаадын хөрөнгө оруулалт татах, бонд босгоход одоогийн эрх зүйн орчин саад учруулж байгаа”-г онцлов. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд өөрчлөлт оруулах  ёстой гэж үзэж байгаа аж.

    Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал: сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх, явган хүний болон дугуйн замыг шинэчлэх, уулзварыг дахин инженерчлэх зэрэг ажлууд багтаж байгаа аж. Харин 12 багц асуудлыг 2023 онд хэрэгжүүлэхээр төсөвт тусгаад байгаа юм.

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт  зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан "Түгжрэлийн эсрэг нийтээрээ" хэлэлцүүлгийн үеэр “AmCham Mongolia”-ийн Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “Хөгжлийн хөтөлбөрүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгодог АНУ-ын “Development Finance Corporation”, “Export-Import Bank” банк зэрэг хөрөнгө оруулагчидтай Хотын захиргааг зуучлан, холбон өгөх боломжтой”-г мэдээллээ.

    Харин Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Нийтийн тээврийн хэрэгслийн маршрут, цагийн менежмент оновчгүй байна” гээд “Оргил цагаар хүрэлцээгүй байдаг зарим чиглэл бусад үед нь хоосон байгаа”-г онцоллоо. Мөн “Энэ онд л гэхэд жолооны эрхээ хасуулсан 11 мянган иргэн торгууль авсан. Өөрөөр хэлбэл эрхээ хасуулсан жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байна” гэж тодотгов.

    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 458 мянган га нутаг дэвсгэрт 1.6 сая хүн амьдарч, 665 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн судалгаагаар тээврийн хэрэгсэл жилд 80 орчим мянгаар нэмэгдэж байгаа аж. Улаанбаатар хотын хүн ам өдгөө анх төлөвлөж байснаас гурав дахин нэмэгдээд байгаа тул төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болоод байгаа юм. 

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар

    “AmCham Mongolia”-ийн Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар

    Cэтгэгдэл бичих