
Зургийг: Imaginechina/AP
“Apple”-ийн "iPhone" гар утасны гэрээт үйлдвэрлэгч “Foxconn Technology” компани БНЭУ-д баригдах шинэ үйлдвэртээ 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.
“Foxconn Technology”-ийн энэхүү шийдвэр Нарендра Модигийн Засгийн газарт эргэлтийн цэг болж, Вашингтон, Бээжин хоорондын харилцаа хурцадсан энэ үед технологийн хөгжлөөр БНХАУ-тай ойртох боломж олгох юм. Түүнчлэн энэ нь БНХАУ-ын зах зээлээс үйлдвэрлэлээ шилжүүлэхээр яаравчилж байгаагийн дохио болохыг шинжээчид онцолж байна.
Өмнөд Энэтхэгийн Карнатака мужийн Бенгалару хотод баригдах 120 га талбай бүхий үйлдвэрт “Apple”-ийн гар утаснуудыг мөн угсарч магадгүй байгааг эх сурвалж онцолж байна.
700 сая ам.долларын хөрөнгө оруулалт нь “Foxconn Technology” компанийн Энэтхэгт хийсэн хамгийн том санхүүжилт болохоор байгаа аж. Энэ утгаараа дээрх хөрөнгө оруулалт БНХАУ цахилгаан барааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны байр сууриа алдах эрсдэлтэй нүүр тулсныг харуулж байна. “Apple” болон бусад АНУ-ын брэндүүд БНХАУ-д төвтэй нийлүүлэгч нараа БНЭУ, Вьетнам зэрэг бусад зах зээлд үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг зөвлөх болсон юм.
“Foxconn Technology” компанийн Энэтхэгт байгуулах шинэ үйлдвэр 100 мянган ажлын байр шинээр бий болгохыг эх сурвалж мэдээлээд байна. Тус компанийн Жөнжоу хот дахь үйлдвэр одоогоор 200 мянган ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа юм.