
Цар тахлын хязгаарлалтаас үл хамааран “Apple” компанийн БНХАУ-ын зах зээлд эзлэх хувь дээд хэмжээнд хүрлээ. Тодруулбал: 2022 оны сүүлийн улиралд “iPhone”-ийн борлуулалт БНХАУ дахь нийт ухаалаг гар утасны борлуулалтын 24 хувийг эзэлснийг “Counterpoint”-ийн судалгаа харуулж байна.
Ингэснээр өнгөрсөн оны IV улиралд бусад ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийг ардаа орхижээ. Мөн жилийн дүнгээр 2022 онд БНХАУ дахь борлуулалтаараа анх удаа хоёрдугаарт бичигдсэн байна.
Өнгөрсөн онд “Apple” цар тахлын хязгаарлалтын улмаас нийлүүлэлтийн доголдолтой нүүр тулсан юм. Хэдий тийм боловч “Vivo”, “Oppo”, “Xiaomi” зэрэг дотоодын үйлдвэрлэгчидтэй харьцуулахад харьцангуй бага хүндрэлтэй учирсан байна.
Инфляц, бодлогын хүүгийн өсөлтийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг удааширч, олон улсад ухаалаг гар утасны борлуулалт буурч байна. Тухайлбал: БНХАУ-ын зах зээлд ухаалаг гар утасны борлуулалт өнгөрсөн онд хэд хэдэн удаа 10-аас дээш хувиар буурчээ.
“Apple” компани хоёрдугаар сарын хоёрны өдөр орлогын тайлангаа танилцуулна. БНХАУ дахь үйлдвэрүүдийнх нь үйл ажиллагаа тасалдсаны улмаас “iPhone”-ийн “Pro” загварын эрэлт өндөр байсан ч нийлүүлэлт нь буурсан байна.