
БНХАУ-д өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн халдварын тохиолдол сүүлийн нэг сарын дээд түвшинд хүрлээ. БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүд тохиож буй эдгээр өдрүүдэд хүмүүс олноороо аялж байгаа нь халдварын тархалт эрчимжихэд нөлөөлж, зарим бүс нутагт хөл хорио тогтоож эхэлсэн байна.
Лхагва гарагт БНХАУ-д COVID-19-ийн халдварын 1138 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь есдүгээр сарын еснөөс хойших дээд үзүүлэлт болж байна. Үүнээс ӨМӨЗО-д хамгийн олон буюу 457 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрчээ. ӨМӨЗО-ы зарим хотод аль хэдийн хөл хорио тогтоогоод байсан юм.
Түүнчлэн Шанхайд шинээр 11 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын дээд үзүүлэлт болж байна.
Мөн Хайнань мужийн зарим хэсэгт дахин хэсэгчлэн хөл хорио тогтоожээ. Тухайлбал: жуулчдын дунд алдартай Санья хотод шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэнээр олон нийтийг хамруулсан шинжилгээ авч эхэлсэн байна.
Үүнээс гадна Шинжаанд (Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутаг) 97 хүн COVID-19-ийн халдвартай нь батлагдсанаар төмөр замын зорчигч тээврийг зогсоон, нислэгүүдийг цуцалжээ.