Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2022 онд хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 13.2 хувьтай гарсан байна. 13.2 хувийн өсөлтийн 47.6 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувь болоход тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.2 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувиар, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин 2022 оны 12 дугаар сард инфляц өмнөх сараасаа нэг хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.9 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.6 хувиар, хувцас, бөс бараа гутлын бүлгийн үнэ 1.2 хувиар, тээврийн бүлгийн үнэ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
2022 оны есдүгээр сараас хойш Монголбанк хэрэглээний үнийн индексийн өсөлтийг зорилтот түвшинд аваачих зорилгоор бодлогын хүүг гурван нэгж хувиар нэмэгдүүлээд байна. Энэ нь дэлхийн томоохон Төв банкнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй зэрэгцүүлж төгрөгийн ханшийг хамгаалах үүднээс авч буй арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа юм. Түүнээс хойш сүүлийн гурван сарын хугацаанд инфляц нэгээс дээш хувийн өсөлтөө хадгалсан хэвээр байна.