
Монгол Улсад Магистр, Бакалаврын зэрэгтэй эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо адил түвшний боловсролтой эрэгтэйчүүдийнхээс 17.1, 16.8 нэгж хувиар доогуур байгааг Азийн хөгжлийн банк мэдээллээ.
Түүнчлэн хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд цалин хөлсгүй гэрийн ажилд хөдөлмөр эрхэлдэг эрэгтэйчүүдээс гурав дахин их цаг зарцуулж байгааг онцолж байна.
2000 оноос хойш Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 7.6 хувиар буурчээ. Өрх гэр болон ажлын байр дахь жендерийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшнийг 53.4 хувиас 63.2 хувь болгон өсгөх боломжтой гэж Азийн хөгжлийн банк тооцоолсон байна.
Ингэснээр Монгол Улсын нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшнийг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1 хувиар өсгөх боломжтой гэж үзжээ.
Олон улсын туршлагыг харвал хүүхэд асрах цогц үйлчилгээ, аавын цалинтай чөлөө авах эрхийг хуульчлах зэргээр эцэг, эхийг дэмжсэн олон төрлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал: Норвег улсад эцэг, эхчүүд хүүхдээ 12 нас хүртэл жилд 10 өдрийн цалинтай чөлөөг авах эрхтэй бөгөөд ганц бие эцэг, эх бол 20 өдрийн чөлөө авах эрхтэй байдаг аж.