
Зургийг: Moment/Getty Images
Ирэх таван жилд хиймэл оюун, дижитал шилжилт болон бусад эдийн засгийн хөгжлүүд нийт ажлын байрны 25 хувийг өөрчлөхийг Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа харууллаа.
Ялангуяа хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах ч технологийн хөгжлийн ерөнхий үр нөлөөлөл ирэх таван жилд эерэг байхыг судалгаанд онцолжээ. Тухайлбал: дата анализ, менежментийн технологи, кибер аюулгүй байдал эдийн засгийн өсөлтийг хөдөлгөгч хүч болно гэж үзэж байна.
Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд хамрагдсан компаниудын 75 хувь нь ирэх таван жилд хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээ мэдээлжээ. Ингэснээр кассчин, тасалбар түгээгч, нягтлан бодох зэрэг мэдээлэл бүртгэх, удирдлагын чиглэлийн 26 сая ажлын байр байхгүй болно гэж тооцоолж байгаа аж.
Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд 45 улсад нийт 11.3 сая гаруй ажилтантай 800 орчим компани хамрагдсан байна.
“Одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарах, нийлүүлэлтийн хомсдол, инфляц зэрэг макро эдийн засгийн сорилтуудын дэргэд хиймэл оюуны хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх эрсдэл харьцангуй бага. Гэвч урт хугацаандаа “ChatGPT “шиг хиймэл оюунд суурилсан асуудал шийдвэрлэх чадвартай аппликейшнүүд олноор төрөн гарснаар харилцаа, кординац, анализ хийх ур чадвар шаардсан олон ажлын байрнууд автоматжихаар байна. Үүний зэрэгцээ ногоон эрчим хүчний шилжилт, байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур үзүүлэлтүүд, дэлхий даяарх нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлт зэрэг нь олон шинэ ажлын байрны боломж бий болгох”-ыг судалгаанд онцолжээ.