
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны II хурлаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 2022 онд багтааж шинэчлэх нь зүйтэй гэж санал нэгдлээ.
Мөн 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан жуулчид хүлээн авахад авто болон төмөр зам, агаарын тээвэр, боомтуудын бэлэн байдлын боломж, шийдэл зэрэг асуудлыг хэлэлцэв.
Үүнээс гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтэц, жуулчны компаниудын чанар, стандартыг дээшлүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн хуанлийг боловсруулан, зарлах шаардлагатай байгаа аж.
Энэ үеэр салбарын маркетингийн хөтөлбөрт “Discovery”, “National Geographic” зэрэг сувгаар Монгол Улсыг сурталчилсан контент бэлтгэж цацах, орчин үеийн маркетингийн арга хэрэгслүүдийг түлхүү ашиглахаар тусгасныг Аялал жуулчлалын хөгжлийн төв мэдээллээ.
Дэлхийн банкны судалгаагаар бизнес эрхлэгчид Төрөөс төвлөрсөн маркетинг сурталчилгааны дэмжлэг байхгүй нь салбарыг хөгжүүлэхэд саад болж гол бэрхшээлүүдийн нэгээр нэрлэсэн байдаг.
“Netflix” компани л гэхэд Киргиз улсад зураг авалтыг нь хийсэн бүргэдээр ан хийх уламжлалын тухай баримтат киног аравдугаар сард танилцуулсан юм.
Монгол Улсын хувьд 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авсан бол Киргиз улс 2019 онд 8.5 сая жуулчин хүлээн авчээ.
Байгаль орчин, Аялал жуулчлалын яам ирэх 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар хүргэхээр зорьж байгаа юм.