
Зургийг: Genya Savilov/AFP
БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийж буй Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-ын удирдагчийг өөрийн нөлөөллөө ашиглан Украинд дахин энх тайван тогтооход туслахыг уриалжээ.
"ОХУ-ын байр суурийг өөрчилж, хэлэлцээрийн ширээний ард бүгдийг нь суулгахад танд найдаж болно гэдгээ би мэднэ" хэмээн тэрбээр Бээжин хотод БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах үедээ хэлсэн байна.
Эммануэль Макроны хувьд хэдийгээр БНХАУ ОХУ-тай ойрын харилцаагаа дуусгавар болгоно гэсэн хүлээлтгүй байгаа ч дайныг зогсооход Бээжинд томоохон алхам хийх орон зай бий гэж харж байгааг Францын албаны эх сурвалж онцоллоо.
Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “БНХАУ асуудлыг улс төрийн арга замаар шийдвэрлэх энх тайвны яриа хэлэлцээр эхлүүлэхийг уриалсан хэвээр байгаа”-гаа илэрхийлжээ. Мөн тэрбээр Францын Ерөнхийлөгчийн хамтаар энгийн иргэд, хүүхдүүдийн эсрэг халдлагыг зогсоож, цөмийн зэвсэг хэрэглэхээс татгалзах амлалтаа мөрдсөн хэвээр байхыг уриалсан байна.
Ши Жиньпин болон Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай уулзсан Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “Европын Холбоо болон БНХАУ худалдаа, эдийн засгийн сэдвээр дээд хэмжээний яриа хэлэлцээ зохион байгуулахаар тохиролцсон”-ыг тодотгосон байна. Мөн дижитал орчны асуудлаар тусдаа хэлэлцээ явуулахыг онцолжээ.
Түүнчлэн Урсула фон дер Лайен БНХАУ-ыг ОХУ-д зэвсэг нийлүүлэхээс зайлсхийх хэрэгтэйг анхааруулсан байна. Тэрбээр "Дайн эхлүүлсэн талыг зэвсэглэх нь олон улсын хууль журмыг зөрчсөн үйлдэл бөгөөд хоёр талын харилцаанд ноцтой хохирол учруулна" гэж мэдэгджээ.