
Зургийг: Tunahan Turhan/SOPA Images/LightRocket/Getty Images
Турк улсын зүүн өмнөд болон Сирийн хойд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 7900 давсныг албаныхан мэдээллээ. Одоогийн байдлаар Туркт 5894 хүн, Сирид 1832 хүн нас барсныг албан ёсоор бүртгэжээ. Мөн нийт 38 мянга гаруй хүн гэмтэж, бэртээд байгаа аж.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаанд олон улсын аврах 16 мянга гаруй баг газар дээр нь ажиллаж байна. Одоогоор АНУ, Франц, Их Британи, Итали, Нидерланд, Австри, Чех, Беларусь, Гүрж, Япон, Тайвань, Алжир, Мексик, Казахстан, ОХУ, БНСУ болон Монгол Улс гамшгийн бүсэд аврагчдаа илгээгээд байгаа юм.
Дэлхийн 45 улс тусламж үзүүлэх санал тавьсныг Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдээллээ. Мөн тэрбээр гамшигт өртсөн бүс нутгийн 13.4 сая иргэдэд тусламж үзүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Турк улсын Засгийн газар газар хөдлөлт болсон бүс нутгуудад 5.3 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээнийн тусламж илгээгээд байгаа аж. Мөн газар хөдлөлт болсон хоёр байршилд гурван сарын турш онц байдлын дэглэм тогтоохоор болсон байна.
Турк улсын түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй байгалийн гамшигт үзэгдэлд 13.5 сая хүн нэрвэгдсэн гэж тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум мэдээллээ.
Газар хөдлөлтөд Хатай, Османие, Адяаман, Малатя, Санлиурфа, Адана, Дияарбакир, Килис зэрэг Туркийн 10 хот өртсөн бөгөөд 11 мянга орчим барилга, байшин сүйдээд байгаа юм. 2000 гаруй жилийн настай түүхийн дурсгал болох Газиантепын цайз нурсныг эх сурвалжууд мэдээллээ.
Гамшгийн дараа хот суурин газруудыг сэргээхэд Турк улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5.5 хувьтай тэнцэх хөрөнгө зарцуулахаар байна гэж “Bloomberg”-ийн эдийн засагчид тооцоолоод байна.
Байгалийн гамшигт нэрвэгдээд буй Турк, Сири улсад Швед улс 657 мянган ам.доллар, Ирланд улс хоёр сая евро, Австрали улс 10 сая австрали долларын хүмүүнлэгийн тусламж, мөн Шинэ Зеланд улс 1.5 сая шинэ зеланд долларын тусламж үзүүлэхээр болжээ.