
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Газрын тосны салбарт тэргүүлэгчдийн нэг “BP” компанийн ашиг 2022 онд 27.6 тэрбум ам.доллар давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Тус компани ирэх 10 жилд шатах түлш болон хүлэмжийн хийн ялгаруулалт багатай бизнесүүддээ тус тус найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдээлсэн юм.
Мөн газрын тос, байгалийн хийн олборлолтоо аажмаар бууруулахаа мэдэгдээд байна. Энэ хүрээнд цэвэр эрчим хүчний шилжилтэд 2030 он хүртэл найман тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
“BP” 2030 он гэхэд газрын тос, байгалийн хийн гарцаа 2019 оны түвшнээс 25 хувиар бууруулах зорилтоо танилцуулаад байна. Тус компани өмнөх төлөвлөгөөндөө гарцаа 40 хувиар бууруулахыг зорьж байсан юм.
"BP" урт хугацааны төлөвлөгөөгөө өөрчилж байгаа цорын ганц эрчим хүчний компани биш юм. Өнгөрсөн долоо хоногт "Shell" мөн адил сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахын зэрэгцээ байгалийн хийн бизнестэй тогтвортой хөрөнгө оруулсаар байна гэж мэдэгдээд байна.
Газрын тос, байгалийн хий олборлолт нэмэгдэх нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөлөл хүчтэй мэдрэгдэж буй энэ үед хүлэмжийн хийн ялгарал өссөөр байхыг харуулж байна.