logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Турк улс газар хөдлөлтийн дараах сэргээн босголтыг санхүүжүүлэх тусгай сан байгуулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 03 09:00
    271

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    Газар хөдлөлтийн улмаас 160 мянга гаруй байшин, барилга нурж, эвдэрч сүйджээ

    Турк улс өнгөрсөн сард болсон газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийг сэргээн босгох ажлыг санхүүжүүлэхээр тусгай сан байгуулахаар төлөвлөж байна. Зардлыг улсын төсвөөс гадуур тооцох учир төсөв боловсруулах, зарцуулах дүрмийг мөрдөх шаардлагагүй.

    Бодлого боловсруулагчид газар хөдлөлтийн хандивыг шинэ санд төвлөрүүлнэ. Мөн шаардлагатай хөрөнгийг татахаар бонд гаргаж магадгүйг эх сурвалж мэдээллээ.

    Сэргээн босголтын санг Турк улсын Сангийн яам хариуцаж, төсвөөс шийдвэрлэх санхүүжилтийг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан эцэслэн шийдвэрлэнэ.

    Сэргээн босголтын ажилд хамгийн багадаа 35 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Дэлхийн банк тооцоолоод байна.

    Туркийн зүүн, Сирийн баруун хойд нутагт болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 51 мянга давж, 108 мянга гаруй хүн гэмтэж, бэртээд байгаа юм.

    Түүнчлэн 160 мянга гаруй байшин, барилга нурж, эвдэрч сүйдсэнээр олон сая хүн орон гэргүй болж өөр хотууд руу нүүхээс аргагүйд хүрээд байна. Байгалийн гамшгийн улмаас хоёр сая орчим хүн дүрвэжээ. 

    Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан газар хөдлөлтөд өртсөн зүүн бүс нутгаа жилийн дотор сэргээн босгохоо амлаад байгаа ч майхан, чингэлэгт хорогдож буй олон мянган хүн байнга оршин суух газар руу нүүхэд олон сарын хугацаа шаардагдахаар байгаа аж.

    Режеп Тайип Эрдоан “Байгалийн гамшигт өртсөн муж, дүүрэг, тосгодыг сэргээн босгоод зогсохгүй ижил аюул нүүрлэж буй бусад бүс нутагт холбогдох ажлуудыг хийнэ. Газар хөдлөлтийн улмаас орон гэрээ орхин нүүхээс аргагүйд хүрсэн хүмүүст 15 мянган лира олгож эхлээд байгаа” гэжээ.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Байгалийн гамшгийн уршгийг арилгахад Анкарад дэмжлэг үзүүлнэ. Турк улс хэдийгээр бүх хүчин чадлаа дайчилж байгаа ч байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст олон улсын тусламж дэмжлэг хэрэгтэй байна” гэж мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр Сирийн баруун хойд хэсэгт газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. 

    Cэтгэгдэл бичих