
Илон Маск “Tesla” энэ онд хоёр сая нэгж автомашин үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгдсэний дараа тус компанийн хувьцааны ханш огцом өслөө.
“Tesla” компани анх энэ онд 1.8 сая нэгж автомашин үйлдвэрлэх зорилт тавьж байсан юм. Харин Илон Маск хоёр сая нэгж автомашин үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгдээд байна.
Пүрэв гарагт “Tesla”-ийн хувьцааны ханш 11 хувиар өссөн нь өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо.
Илон Маск шинжээчидтэй ярилцах үедээ цахилгаан автомашины зах зээлд БНХАУ-ын компаниуд “Tesla”-ийн гол өрсөлдөгч болно гэж мэдэгджээ.
Тэрбээр БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид маш ухаалгаар ажилладаг бөгөөд тус улсын цахилгаан автомашины хамгийн ширүүн өрсөлдөөнтэй талбар болохыг онцоллоо. Энэ утгаараа ирээдүйд БНХАУ-ын ямар нэгэн компани “Tesla”-ийн ард бичгдэнэ гэж Илон Маск мэдэгдсэн байна.
Хосолмол хөдөлгүүртэй автомашин болон цахилгаан автомашины борлуулалтыг харгалзан авч үзвэл 2022 онд БНХАУ-ын “BYD” компани борлуулалтаараа “Tesla”-ийг ардаа орхисон юм. “Tesla” БНХАУ-ын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр “Model Y” загварынхаа үнийг тус улсад хямдруулаад байна.