
Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (AIIB) Монгол Улсын 100 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих хөтөлбөр баталлаа. Макро эдийн засгийн дарамтууд, COVID-19-ийн халдварын тархалтыг хумих бодлогоос үүдэлтэй "хос шок"-ийн нөлөө Монгол Улсад нүүрлээд буйг тус банк албан мэдээндээ онцолсон байна.
"Монгол Улсын айл өрхүүдийн 27.8 хувь нь ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдарч байгаа. Цаашид нэмж хүн амын 14.9 хувь нь ядуурал өртөх эрсдэлтэй байгаа"-г Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк онцолж байна.
Хөтөлбөрийн хүрээнд айл өрхүүдэд шууд олгох мөнгөн тусламжийн хэмжээг түр хугацаанд нэмэгдүүлэх, нэн шаардлагатай импортын барааны үнийн өсөлтийн дарамтыг бууруулахыг зорьж байгаа аж.
Сангийн яамны статистик мэдээллээр 2022 оны II улирлын байдлаар Монгол Улсын Засгийн газар Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банканд 346.3 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа юм.
Харин Азийн хөгжлийн банканд 5.7 их наяд төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Наймдугаар сард Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг баталсан юм.