
Зургийг: Maxim Guchek/AFP/Getty Images
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын ойрын холбоотон Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсан нь Бээжин Москватай холбоогоо зузаатгаж буйн дохио боллоо. БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд хөгжүүлэх үндсэн зарчмын тухай хамтарсан мэдэгдэл баталсан байна.
Уулзалтын үеэр Александр Лукашенко Украины дайныг эцэслэх тухай 12 зүйл бүхий энх тайвны санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. БНХАУ-ын төлөвлөгөөг Украин, АНУ болон Европын орнууд дэмжээгүй юм.
Харин Ши Жиньпин Украины нөхцөл байдалд БНХАУ-ын баримтлах байр суурь тогтвортой байгааг онцолж байна. Тэрбээр талууд асуудлыг улс төрийн арга замаар шийдвэрлэх бодлого баримталж, хүйтэн дайны үеийн үзэл суртлыг орхих хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгчтэй уулзсан нь тэрбээр Украины нөхцөл байдалд илүү их анхаарал хандуулах болсны дохио гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван Итэй уулзах үедээ Владимир Путин Ши Жиньпинийг ойрын ирээдүйд ОХУ-д айлчилна гэж хүлээж буйгаа илэрхийлжээ.
Александр Лукашенкогийн хувьд Украины дайн эхлэхээс өмнө ОХУ-ын цэргүүдийг Беларусь улсын газар нутагт байршуулахыг зөвшөөрч байсан бөгөөд одоо ч Владимир Путины хамгийн ойрын холбоотон хэвээр байгаа юм. Ши Жиньпин Александр Лукашенкотой уулзсан нь БНХАУ ОХУ-тай холбоогүй гүнзгийрүүлж байгаагийн илрэл боллоо гэж АНУ-ын Төрийн Департментын Хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.