
Зургийг: Stefan Wermuth/Bloomberg
“Glencore” компани Конго улс дахь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч “Crusader Health” компанийн үүсгэн байгуулагчийн 30 сая ам.долларын хохирлыг барагдуулахаар боллоо. “Glencore”-ийн авлигын хэргийн улмаас тус компани үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болсон гэж АНУ-ын шүүхээс тогтоосон байна.
Тодруулбал: “Glencore” компани Конго улсын албан тушаалтнуудад авлига өгч, “Crusader Health” компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэж шүүхээс үзсэн байна. “Glencore” компанийн хувьд АНУ, Их Британи, Бразил улсад авлигын хэргээр нийт 1.5 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болоод байгаа юм.
Африк тивийн 11 улсад үйл ажиллагаа явуулдаг “Crusader Health” компани 2009 онд Конго улс дахь хоёр уурхайн ажилтнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Тэрхүү уурхайнуудыг “Glencore”-ийн охин компани худалдан авсны дараа “Crusader Health” тодорхойгүй шалтгаанаар гэрчилгээгээ сунгаж чадаагүй учир уул уурхайн компанийг шүүхэд өгчээ.
Харин үүний хариуд “Glencore”-ийн охин компани “Crusader Health”-ийг гомдлоо буцаахгүй бол Конго улсад үйл ажиллагаа явуулах боломжгүй болгоно гэж сүрдүүлсэн байна. Татгалзсан хариу өгсний дараа “Glencore” Төрийн албан тушаалтанд 500 мянган ам.долларын авлига өгч, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.