Зургийг: Billy H.C. Kwok/Bloomberg
Оны эхний улиралд дэлхийн худалдаа нэг хувиар л өсөх төлөвтэй байгааг НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан тайлан харууллаа. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаагаас 2023 онд дэлхийн худалдааны өсөлт саарахыг тайланд онцолжээ.
Үүнтэй харьцуулахад 2022 онд дэлхийн худалдааны эргэлт 32 их наяд ам.доллар давснаар дээд түвшинд хүрч байсан юм. Тухайлбал: өнгөрсөн оны эхний хагаст эрэлт өндөр байсны ачаар нийт худалдаалсан бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2021 оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Харин хоёрдугаар хагасаас худалдааны өсөлт саарч, VI улиралд өмнөх оны мөн үеэс 250 тэрбум ам.доллароор буурчээ.
Энэ онд үйлчилгээний салбарын эрэлт харьцангуй тогтвортой байгаа бөгөөд I улиралд тус салбар гурван хувийн өсөлт үзүүлэх төлөвтэйг тайланд онцолсон байна. Энэ нь мэдээлэл, харилцааны технологийн үйлчилгээний эрэлт өссөөр байгаагаас гадна аялал, жуулчлалын салбар хурдацтай сэргэж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.
Түүнчлэн дэлхийн худалдаанд гарсан өөр нэг эерэг өөрчлөлт нь цахилгаан автомашин, хуванцар ороогүй сав, баглаа боодол зэрэг байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүний эрэлт өссөн явдал болохыг шинжээчид онцолж байна.