Зургийг: Eric Lee/Bloomberg
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “Конгресс цагт нь өрийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол Засгийн газар дараагийн алхмаа олохоос өөр аргагүй болно” гэж мэдэгдлээ.
Тэрээр “CNBC”-д өгсөн ярилцлагадаа "Хууль тогтоогчдод буй цорын ганц зөв сонголт нь өрийн таазыг нэмэгдүүлэх" болохыг дахин тодотгосон байна. "Хэрэв өсгөөгүй тохиолдолд Засгийн газар байгаа боломжийнхоо хүрээнд ямар арга хэмжээ авахаа тодорхойлно" гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт 31.4 их наяд ам.долларын өрийн хязгаарыг өсгөх асуудлаар Конгресс дахь Бүгд Найрамдах намын гишүүдтэй уулзана. Бүгд Найрамдах намынхны хувьд өрийн таазыг өсгөсөн тохиолдолд ирээдүйд төсвийг танах амлалт өгөхийг шаардаж байгаа юм.
Жо Байдены зүгээс өрийн таазыг өсгөх болон төсвийн зарцуулалтыг танах асуудлыг тусдаа авч хэлэлцэх хэрэгтэйг удаа дараа тодотгож байна. Жанет Йеллен Ерөнхийлөгч болон Бүгд Найрамдах намын гишүүдийн хооронд төсвийн асуудлаар үзэл бодлын томоохон зөрүү үүсээд буйг онцолжээ.
Жо Байдены хувьд төсвийн зарцуулалтыг зохих хэмжээнд хариуцлагатайгаар бууруулах санал тавьж байгаа аж. Харин Бүгд Найрамдах намынхан төсвийг их хэмжээгээр, огцом бууруулах сонирхолтой байгааг тэрбээр дурдсан байна.
Өрийн таазыг яаралтай нэмэгдүүлэхгүй бол Сангийн яам зургаадугаар сарын нэгний өдөр гэхэд Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжгүй болохыг Жанет Йеллен өмнө нь анхааруулж байв.