
Зургийг: Akio Kon/Bloomberg
Хагас дамжуулагчийн хомсдол, цар тахлын улмаас “Toyota Motor”-ийн олон улс дахь борлуулалт буурлаа. Нэгдүгээр сард тус компани дэлхий даяар 795 мянган нэгж автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Харин “Toyota Motor”-ийн Японы зах зээл дэх борлуулалт сүүлийн гурван сар дараалан өсөөд байна. Тухайлбал: Нэгдүгээр сард Японд 186 мянган нэгж автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн дүн болов.
Нийлүүлэлтийн сүлжээний доголдол өнгөрсөн оны мөн үеэс дээрдсэнээр “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл тайлант хугацаанд 8.4 хувиар өсөж, 819 мянган нэгж автомашин болсон байна.
Харин “Toyota Motor”-ийн өрсөлдөгч "Honda Motor” компанийн үйлдвэрлэл нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурч, 280 мянга 757 нэгж автомашин болжээ. "Honda Motor" компанийн Хойд Америк дахь үйлдвэрлэл сэргэсэн ч БНХАУ дахь үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс тал хувиар буурсан нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Мөн "Nissan Motor" компани өнгөрсөн сард 224 мянга 236 нэгж автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан үзүүлэлт болжээ. "Toyota Motor" компанийн хувьд гуравдугаар сараар эцэслэгдэх 2022 оны санхүүгийн жилд 17.6 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолж байна.