
Зургийг: ©Alexei Maishev/POOL/TASS
БНХАУ-ын Ерөнхийлөгчийн Москвад хийсэн айлчлал өндөрлөх үеэр Ши Жиньпин, Владимир Путин нар хоёр улсын түншлэлийг гүнзгийрүүлэх тухай есөн зүйлт баримт бичигт гарын үсэг зурсныг “TASS” агентлаг мэдээллээ. Мөн 2030 он хүртэл эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөг баталжээ.
Эдийн засгийн төлөвлөгөө худалдаа, логистикийн систем хөгжүүлэх, санхүүгийн хамтын ажиллагааг сайжруулах, эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг гурван үндсэн чиглэлийг багтаасан байна. Мөн технологи, инновацын салбарт хамтран түншлэх асуудлыг багтаажээ.
Мөн “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих талаар үндсэн ойлголтуудыг тохиролцсоныг Владимир Путин онцолж байна.
Хоёр талын удирдагчдын биечилсэн уулзалтууд ойрын хугацаанд үргэлжилж магадгүйг “TASS” агентлаг мэдээллээ. Москвад хүрэлцэн ирэхээсээ өмнө Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчийг Бээжинд айлчлахыг урьжээ. Мөн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин БНХАУ-д айлчлахаар байгаа юм.