
Монгол Улсад оршин суух хүсэлт гаргаж буй ОХУ-ын иргэдэд зохих ангиллын зөвшөөрөл олгох шийдвэр гаргасныг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ. Тодруулбал: хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүлийн шалтгаанаар амьдрах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалт хийх юм байна.
Есдүгээр сарын 26-наас хойш Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3030 иргэн хилээр нэвтэрчээ. Харин Боршоо, Ханх, Цагааннуур боомтоор 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын 950 иргэн, "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаар 27-28-ны өдрүүдэд 138 иргэн Монгол Улсад орж ирсэн байна.
Үүнээс гадна есдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд ОХУ-ын 748 иргэн Монгол Улсад байх хугацаагаа сунгуулсныг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ. Тухайлбал: нэг өдөрт ОХУ-ын 160 орчим иргэн 30 хоногийн хугацаагаар визээ сунгуулсан байна. Түүнчлэн 1200 гаруй иргэн оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаагаа сунгуулах талаарх зөвлөгөө аваад байгаа аж.
ОХУ болон Монгол Улсын иргэд аль аль талдаа 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчдог. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын виз олгох журмын дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаадаа 30 хоногоор сунгаж болдог байна. Харин удаан хугацаагаар амьдрах тохиолдолд тухайн улсынхаа нутаг дэвсгэрээр орж ирэхээс өмнө зохих ангиллын виз авсан байх шаардлагатай бөгөөд визийг үндэслэн удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгодог аж.
“Гадаадын иргэдийг Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг хүсэж байна” гэж Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ.