logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ХБНГУ-ын инфляц еврог гүйлгээнд нэвтрүүлснээс хойш анх удаа 2 оронтой тоонд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 30 14:30
    201
    IX сард ХБНГУ-д хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, “Bloomberg”-ийн тооцооллоос 0.7 нэгж хувиар давлаа

    ХБНГУ еврог гүйлгээнд нэвтрүүлснээс хойш буюу сүүлийн 20 гаруй жилд анх удаа инфляц нь хоёр оронтой тоонд хүрлээ. Европт эрчим хүчний хямрал улам гүнзгийрсний зэрэгцээ үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулах тус улсын Засгийн газрын түр хугацааны арга хэмжээ дуусгавар болсноор ийнхүү инфляц хүлээлтийг давж эрчимжээд байна.

    Есдүгээр сард ХБНГУ-д хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, “Bloomberg”-ийн тооцооллоос 0.7 нэгж хувиар давсан байна. Харьцуулбал наймдугаар сард инфляц 8.8 хувьтай байсныг тус улсын Холбооны Статистикийн газраас мэдээлжээ.

    Энэ зун хэрэгжүүлсэн нийтийн тээвэр, шатахууны үнийн хөнгөлөлт дууссаны дараа Германд инфляц дахин эрчимжинэ гэсэн хүлээлт биеллээ олсон нь энэ аж. Хэдий тийм боловч энэ түвшинд хүрч эрчимжсэн нь Европын Төв банкны хувьд удалгүй дээд түвшинд хүрэхээр байгаа үнийн өсөлтийг сааруулахад улам хүндрэл учруулахаар байна.

    GERMAN-GFX.JPG

    Пүрэв гарагт Олаф Шольцын Засгийн газар инфляцыг тогтворжуулахын тулд байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоох болохоо мэдэгдсэн юм. Үүний тулд Засгийн газар 150 сая еврогийн зээл авахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

    “Bloomberg”-ийн шинжээчдийн төсөөллөөр Европын хамгийн том эдийн засагтай тус улсын хэрэглээний үнийн өсөлт 2023 онд дунджаар долоон хувьд хүрэхээр байгаа аж. Байгалийн хийн үнийн хязгаар тогтоосноор дээрх төсөөлөл буурах боломжтой ч Засгийн газар тус ажлыг яг ямар загвараар хийж гүйцэтгэх нь үүнд ихээхэн нөлөөлөхийг мөн дурджээ.

    Түүнчлэн Германы инфляц Евро бүсийн инфляцад мөн нөлөөлж, 9.7 хувь хүртэл өсгөх эрсдэл үүсээд байна. Энэ сард Европын Төв банк АНУ-ын Холбооны Нөөцийн банкны алхмыг дагаж, бодлогын хүүгээ түүхэн дүнгээр буюу 75 суурь нэгжээр өсгөөд байгаа юм.

    Амьжиргааны өртөг огцом өсөж, хэрэглэгчийн итгэл цар тахлын үеийн түвшинд хүртэл буураад буй нь пүрэв гарагт гарсан тайлангаас харагдсан тул Евро бүс эдийн засгийн уналтад орно гэж таамаглаж байгаа шинжээчдийн тоо улам нэмэгджээ.

    Cэтгэгдэл бичих