
“Google” компани эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утасны шинэ загвараа танилцууллаа. Ингэснээр “Google” одоогоос “Samsung”-ийн ноёрхлоо тогтоогоод буй эвхэгддэг ухаалаг гар утасны төрөлд өрсөлдөж эхэллээ.
“Pixel Fold” загвар гадна тал нь 5.8 инчийн дэлгэцтэй, дэлгэхэд 7.6 инчийн томоохон дэлгэцтэй таблет болдог. Эвхэгддэг гар утаснууд дундаас хамгийн бат бөх гэдгээрээ ялгарах бөгөөд үнэ нь 1700 ам.доллар орчим байхыг эх сурвалж мэдээллээ.
“Google”-ийн энэхүү алхам тус компани цаашид “Apple” болон “Samsung”-тай ухаалаг гар утасны зах зээлд өрсөлдөөнөө нэмэгдүүлж байгаагийн дохио болж байна.
"Samsung" компанийн хамгийн сүүлд танилцуулсан "Z Fold 4" хэмээх эвхэгддэг дэлгэцтэй загвар 1799 ам.доллороор борлуулагдаж байгаа юм.
"Google" компани тавдугаар сарын 10-нд "Pixel Fold" гар утсаа албан ёсоор танилцуулах бөгөөд энэ үеэр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг сонирхсон хэрэглэгч нарыг "Google Store" цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэхийг урьсан байна.
"Teaser" бичлэгээс харвал "Pixel Fold" ном шиг загвартай аж. Одоогоор энэхүү гар утасны үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.