
Зургийг: Marlena Sloss/Bloomberg
Оны эхний улиралд “Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн орлого шинжээчдийн таамгийг давснаар хувьцааны ханш нь 5.9 хувиар өслөө.
Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт 58 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 56.9 тэрбум ам.долларын төсөөллөөс өндөр үзүүлэлт болсон байна.
Мөн цэвэр ашиг нь 15 тэрбум ам.доллар хүрсэнтэй зэрэгцээд тус компани 70 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.
“Alphabet”-ийн орлого ийнхүү шинжээчдийн хүлээлтийг давахад хайлтын системийн зар сурталчилгааны орлого өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эдийн засгийн хямралын улмаас компаниуд зардлаа танаж буй энэ үед олон нийтийн сүлжээтэй харьцуулахад хайлтын системийн зар сурталчилгааны эрэлт илүү тогтвортой байгаа юм.
“Meta”, “Snap” зэрэг олон нийтийн сүлжээний компаниудын зар сурталчилгааны орлого эрс буурсан бол “Alphabet”-ийн “YouTube” платформын зар сурталчилгааны орлого 6.69 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо.
Мөн “Google”-ийн үүлэн тооцооллын үйлчилгээний нэгж анх удаа ашигтай ажилласнаа тайлагнасан нь анхаарал татаж байна. Тайлант хугацаанд “Google Could” 7.45 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үед тус нэгж 706 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан юм.