
Зургийг: David Paul Morris/Bloomberg
"Meta”-ийн хувьцааны ханш пүрэв гарагт 23 хувиар өссөнөөр тус компанийн үнэлгээ ганцхан өдрийн дотор 88 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Энэ нь 2013 оноос хойших хамгийн өндөр дүн болов. “Bloomberg”-ийн шинжээчид ч үүнийг шинэ дээд үзүүлэлт боллоо гэж онцолж байна.
Түүнчлэн 2022 оны IV улиралд “Meta”-ийн борлуулалтын орлого шинжээчдийн таамгийг давсан нь хувьцааны ханш нь өсөхөд нөлөөлж байгаа аж.
“Meta”-ийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны 11 дүгээр сарын доод түвшнээс 250 тэрбум ам.доллароор өсөөд байгаа юм. Ингэснээр өсөлтөөрөө “S&P 500” индексэд бүртгэлтэй компаниудыг тэргүүлж байна.
2023 онд ““Meta” компанийн үйл ажиллагааг илүү уян хатан, үр ашигтай болгоход анхаарна” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг мэдэгдлээ.
Үүнээс гадна “Meta”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закербергийн хөрөнгө пүрэв гарагт 12.5 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ нь түүний хөрөнгө ганцхан өдрийн дотор хамгийн өндөр дүнгээр өссөн тохиолдол болов.