2023 оны хоёрдугаар сард улсын нэгдсэн төсвийн орлого гурван их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, 318.7 тэрбум төгрөгөөр өсжээ.
Харин улсын төсвийн зарлага 2.8 их наяд төгрөг болсноор төсвийн тэнцэл 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Төсвийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.8 хувиар буурчээ.
Төсвийн орлогын 90 хувийг бүрдүүлдэг татварын орлого өмнөх оноос 10.2 хувиар өсөхөд орлогын албан татвар, НӨАТ, нийгмийн даатгалын орлого өссөн нь нөлөөлсөн байна. Харин онцгой албан татварын орлого буурсан дүнтэй гарлаа.
Хоёрдугаар сард улсын нэгдсэн төсвөөс гарсан бараа үйлчилгээний зардал 1.6 нэгж хувиар өссөн бол урсгал шилжүүлэг 5.4 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс 80 тэрбум төгрөгөөр буурч, хоёрдугаар сард 221.3 тэрбум төгрөг болжээ.