
Зургийг: Manan Vatsyayana/AFP/Getty Images
Ням гарагт болсон сонгуульд хамгийн олон санал авсан Тайландын “Урагшаа хөдөлгөөн” нам эвслийн Засгийн газар байгуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээ амлалаа. Хэдий тийм боловч тус нам шийдвэр гаргалтад нөлөө бүхий Сенатаас дэмжлэг авахад хүндрэлтэй тулгараад байгаа аж.
Эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа “Урагшаа хөдөлгөөн” намын Тэргүүн Пита Лимжароэнрат, “Тайландын төлөө” нам болон бусад жижиг дөрвөн намын төлөөлөлтэй лхагва гарагт уулзсан байна. Энэ нь цэргийнхний дэмжлэгтэй намууд сонгуульд ялагдсанаас хойших анхны эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцсэн уулзалт боллоо.
“Урагшаа хөдөлгөөн” намын Тэргүүн Пита Лимжароэнрат сөрөг хүчний намуудтай хийсэн уулзалт амжилттай болсныг мэдээлсэн байна. Мөн пүрэв гарагт эвслийн Засгийн газар байгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулна гэж мэдэгджээ. Хэдий тийм боловч тус улсын Парламентад 70 гаруй суудал авсан “Бхумжайтай” нам түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн нь хүндрэл учруулж байгаа аж.
“Урагшаа хөдөлгөөн” намын тэргүүлж буй сөрөг хүчний эвсэл Парламентын Төлөөлөгчийн танхимын 500 суудлаас 310 суудалд ялалт байгуулжээ. Пита Лимжароэнрат Ерөнхий сайдын албан тушаалыг бататгахын тулд түүнд 376 санал хэрэгтэй аж.