
Зургийг: Kommersant Photo/Anatoly Zhdanov via REUTERS
Москвад гурав хоногийн айлчлал хийж буй БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзаж ярилцахдаа Украин дахь зөрчлийг эцэслэх Бээжингийн санаачилгын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа онцолжээ.
Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Ши Жиньпин ОХУ-ын халдан түрэмгийллийн талаар дурдаагүй бол Владимир Путин БНХАУ-ын зүгээс гаргасан гал зогсоох саналыг анхааралтай судалж үзэхээ мэдэгдсэн байна.
Хоёр талын яриа хэлэлцээрт мөн эрчим хүчний асуудал багтсан бөгөөд Төрийн тэргүүнүүд урт хугацааны эрчим хүчний нийлүүлэлтийн хэд хэдэн гэрээ хэлцэлд гарын үсэг зурсныг эх сурвалж мэдээллээ.
Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноосоо хойш хийсэн анхны дээд хэмжээний айлчлалаараа ОХУ-ыг зорьсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.
Владимир Путины хувьд тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх талаар албан ёсоор мэдэгдээгүй байна. Харин Ши Жиньпин түүнийг ирэх оны сонгуульд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Төрийн хүлээн авалтад БНХАУ-ын талаас ихэвчлэн Засгийн газрын албан тушаалтнууд оролцох бол ОХУ-ын талаас эрчим хүч хариуцсан албан тушаалтнууд оролцохоор байгаа аж.
Айлчлалаар хэлэлцэх асуудлууд дунд Монголоор дамжин БНХАУ-д хүрэх “Сибирийн хүч-2" хийн хоолойн хэлцэл багтсан эсэх нь тодорхойгүй байна.