
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- Компьютер, принтер үйлдвэрлэгч "HP" компани энэ санхүүгийн жилийн ашгийн төсөөллөө танилцуулсан нь шинжээчдийн таамгийг давах төлөвтэй байна. Энэ нь тус компанийн санах ойн чиптэй холбоотой зардлын өсөлтийг зохицуулах чадавх нь сайжирч буйг харууллаа.
"HP" мягмар гарагт бүтцийн өөрчлөлтийн зардал зэрэг нэг удаагийн зардлыг хассан тооцоогоор энэ сард эхэлсэн санхүүгийн жилийн нэгж хувьцаанд ногдох ашиг 3.15-3.45 ам.доллар байна гэж мэдэгджээ. Энэ нь “Bloomberg”-ийн нэгтгэсэн шинжээчдийн дундаж дүнгээс 8.4 хүртэлх хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Мөн ирэх оны нэгдүгээр сараар эцэслэх санхүүгийн жилийн I улирлын нэгж хувьцаанд ногдох ашгийг 66-76 цент байхаар тооцоолсон нь шинжээчдийн таамгийг давлаа.
Үүнээс гадна “Dell Technologies” компани одоо үргэлжилж буй санхүүгийн жилийн борлуулалтын орлогын төсөөллөө гурав дахь удаагаа өсгөлөө. Үүнд хиймэл оюуны дата төвүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж, серверийн борлуулалт эрс нэмэгдэж буй нь голлон нөлөөлжээ. Тодруулбал: Техас мужид төвтэй тус компани ирэх оны нэгдүгээр сараар эцэслэх санхүүгийн жилийн орлогоо 202 тэрбум ам.доллар хүрнэ гэж мэдэгдсэн байна. Энэ нь өмнө нь танилцуулсан төсөөллөөс 5.2 хувиар өссөн дүн болж буй.
Аравдугаар сард эцэслэсэн санхүүгийн жилийн III улиралд “Dell Technologies”-ийн борлуулалт хоёр дахин нэмэгдэж, 54.9 тэрбум ам.доллар хүрээд байгаа нь мөн л шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо.