
Зургийг: Chris J. Ratcliffe/Bloomberg
(Bloomberg) -- Их Британид “Wegovy” зэрэг жин хасах эмийн хэрэглээ өссөнөөр өрхүүдийн хүнсний жилийн зардал 1.3 тэрбум ам.доллароор буурсныг шинэ судалгаа харууллаа. Эдгээр бэлдмэл нь хоолны дуршлыг дардаг тул төмсний чипс зэрэг зуушны эрэлт мэдэгдэхүйц хумигдаж байна.
Хэрэглэгчийн зах зээлийн судалгааны “Worldpanel by Numerator” байгууллагын тооцоолсноор GLP-1 төрлийн эм хэрэглэгчтэй өрхүүд эмчилгээ эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд өмнөхөөсөө 415 сая ширхгээр цөөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авчээ. Өнгөрсөн зургаадугаар сард дээрх үзүүлэлт 300 сая орчим ширхгээр хэмжигдэж байсан аж.
Өнөөдрийн байдлаар Их Британийн нийт өрхийн 8.5 хувьд GLP-1 хэрэглэгч байгаа бол 2027 он гэхэд 10 өрх тутмын нэгээс илүү нь эдгээр эмийг хэрэглэх төлөвтэй байна. Энэ нь цагаан хоолтон болон зөвхөн загас иддэг хүмүүстэй өрхүүдийн нийлбэр хувьтай дүйцэхүйц хэмжээнд хүрснийг “Worldpanel” онцоллоо.
Бизнес эрхлэгчид болон худалдааны сүлжээнүүд хэрэглэгчдийн хоолны дуршил, худалдан авалтын хэв маяг өөрчлөгдөж байгаатай уялдуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчилж эхэлжээ. Тухайлбал: “Morrisons”, “Tesco” зэрэг томоохон супермаркетууд GLP-1 төрлийн эм хэрэглэдэг хүмүүст зориулан уургаар баялаг, бага хэмжээтэй бэлэн хоол худалдаанд гаргасан байна. Харин эмийн сангийн “Boots” сүлжээ хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг дэмжих шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлжээ.