
Зургийг: Emily Elconin/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын их, дээд сургуулиудад шинээр элсэж буй гадаад оюутны тоо үргэлжлэн буурч, 2026 оны намрын улиралд 15 орчим хувиар багассан талаар Олон улсын боловсролын хүрээлэн (IIE) мэдээллээ. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа визийн бодлогоо өөрчилж, дэлхийн улс орнуудын гадаад оюутан татах өрсөлдөөн ширүүсэж байгаа юм. Тэгвэл АНУ-ын 800 гаруй их, дээд сургуулийг хамарсан судалгаагаар 2026 оны намрын улиралд тус улсад суралцаж буй гадаад оюутны нийт тоо өмнөх оны мөн үеэс есөн хувиар буурчээ.
Дээрх судалгаагаар Магистр, Докторын түвшний сургалтад элсэгчдийн тоо эрс буурсан харагдаж байна. Тухайлбал: 2026 оны намрын улиралд Магистр, Докторын хөтөлбөрт суралцагчдын тоо 15 хувиар, Бакалаврын түвшний оюутнуудын тоо гурван хувиар буурчээ. Харин өмнөх хичээлийн жилд Магистр, Докторын түвшний гадаад оюутны элсэлт 13 хувиар буурсан бол Бакалаврын түвшинд 0.3 хувийн бууралт бүртгэгдсэн байна.
Олон улсын боловсролын хүрээлэнгийн судалгааны асуудал хариуцсан удирдлага Мирка Мартелийн үзэж буйгаар АНУ-д суралцах зардал нэмэгдэж, визийн бодлого өөрчлөгдсөнөөс гадна гадаад оюутан татах олон улсын өрсөлдөөн эрчимжсэн нь элсэлт буурахад нөлөөлж байна. Тэрбээр “Олон улс гадаад оюутнуудыг татахад их хэмжээний хөрөнгө оруулж, элсэлтийн бодлогоо идэвхжүүлснээр оюутнуудад АНУ-аас өөр улсыг сонгох боломж нэмэгдсэн”-ийг онцолжээ. Улмаар сургалтын зардал болон визтэй холбоотой хүндрэлүүд нь гадаад оюутнуудыг бусад улсыг харгалзан үзэхэд хүргэж байгаа аж.